АНУ-д туршлага судлууллаа
Эрчим хүчний үр ашигтай, хэмнэлттэй хэрэглээ нь эрчим хүч үйлдвэрлэсэнтэй ижил үр дүнд бага зардлаар хүрэх арга болдог. USAID-ээс Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн болон бусад эрчим хүчний мэргэжилтнүүдийг АНУ-д 14 хоногийн хугацаанд хэрэглэгчдэд зориулсан эрчим хүчний үр ашгийн чиглэлээр туршлага судлууллаа.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ахлах инженер М. Мөнх-Эрдэнэ: "USAID-ын дэмжлэгтэйгээр АНУ-д туршлага судалсандаа баяртай байна. Эрчим хүчний ханган нийлүүлэлтийн дутагдлаас шалтгаалан манай улс эрчим хүч импортолж, зарим тохиолдолд эрчим хүч хязгаарладаг. Хэрэглэгчдийг эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээнд сургах АНУ-ын туршлагаас салбартаа нэвтрүүлж, одоо бидэнд тулгамдаад буй оргил цагийн ачааллыг бууруулах боломжтой гэж харж байна."
Эрчим хүчний зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Б. Энхжаргал: "USAID-ын дэмжлэгээр эрчим хүчний салбарын олон талт төлөөллөөс бүрдсэн баг АНУ-д томилолтоор ажиллалаа. АНУ-ын эрчим хүчний бодлого, уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулсан стратеги, эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх арга туршлагаас судлав. Томилолтын баг сурсан зүйл дээрээ суурилан хэрэглэгчдэд зориулсан эрчим хүчний үр ашгийн хөтөлбөр эхлүүлнэ."